<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдийг хэрхэн нэмэлт хоолонд оруулах вэ?

Огноо: 2018-08-13

нэмэлт хоолонд орох

Хүүхдийн их эмч Т.Навчаа эмчийн хүүхдийг нэмэлт хоолонд  талаар бичсэн зөвлөгөө болон бусад эрүүл мэндийн зөвлөгөөг энд нэгтгэн хүргэж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын Эрүүл мэндийн яам, Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэг хүүхдийг эхний 6 сар зөвхөн хөхөөр хооллохыг зөвлөж байна. Эхний 6 сар хөхний сүү эсвэл хүүхдийн тэжээл шаардлагатай бүхий л шингэн ба шимт бодисоор хангана. Иймд ус болон бусад шингэн өгөх шаардлага байдаггүй. Харин 6 сартайгаас хойш хөхний сүү/хүүхдийн тэжээл хүүхдийн хоол болон ундны хэрэгцээг бүрэн хангахгүй тул нэмэлт хоол өгч эхлэх хэрэгтэй.

4-6 сартайд хүүхэд нэмэлт хоол идэхэд бэлэн болно. Энэ нь дараа шинжүүдээр илэрнэ:

  • Хэлээрээ түлхэх рефлекс арилна. Амьдралын эхний хэдэн саруудад хүүхдийн хэлний үзүүрт ямар нэг хоол тавихад шууд хэлээрээ түлхэж гаргадаг. Энэ нь нярай хүүхдийг хахахаас хамгаалдаг төрөлхийн рефлекс юм. Энэхүү рефлексийн нэг илрэл нь хүүхэд эхний хэдэн сар хэлээ байнга булталзуулдаг явдал билээ. 
  • Өвөр дээр, эсвэл сандал ширээнд сайн суудаг болно. Толгойгоо эгц сайн даах нь чөлөөтэй залгих боломж бүрдүүлнэ.
  • Хөхөндөө эсвэл угжиндаа цадахгүй, ойр ойрхон өлсөнө. Хоол хараад идэх дур хүсэл төрж буй нь мэдэгдэнэ.

Эдгээр шинжүүд илэрч буй бол хүүхэддээ нэмэлт хоол өгч эхэлж болно. Хүүхэд бүрийн нэмэгдэл хоол идэхэд бэлэн болох нас өөр өөр байдаг. Нэмэлт хоолонд оруулах дэс дараа буюу заавал эхлэх хоол гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар ийм тийм хоолноос заавал эхлэх ёстой, 2 дахь нь тэр, ингэснээрээ хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэсэн нотлогдсон зүйл үгүй байна. Өөрөөр хэлбэл ямар ч хоолноос эхэлж болно гэсэн үг. Ээж нар заавал цагаан будааны шүүснээс эхлэх ёстой, энэ нь ходоод гэдсэнд өнгөр сайн суулгадаг гэх мэтээр ойлгодог нь шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй зүйл юм. Нэмэгдэл хоол өгч эхлэхтэй зэрэгцэн ус эсвэл цай зэрэг шингэнг өдөрт 60-120 мл өгч эхэлнэ. Хүүхдийн жин, баас, эрүүл мэндийн байдлыг нь үндэслэн эмч ямар хоолноос эхлэх нь тухайн хүүхдэд хамгийн зохимжтой болохыг зөвлөнө.

хүүхэд хооллох

Анхаарвал зохих зүйлс

  • 6 сар хүрэхээс нь өмнө жимний шүүс өгч болохгүй. Жимсний шүүс эрт өгснөөр хүүхдээ бүх насаараа зовоох аллергитэй болох магадлал өндрөөс гадна чихрийн амт авсан хүүхэд бор хоол идэх дургүй болдог. 
  • Бор хоолыг заавал зориулалтын халбагаар өгнө. Хүүхдэд зориулсан ургамлын гаралтай хуванцараар хийсэн хүүхэд гэмтээхээргүй аяга, зөөлөн халбагаар хооллоорой. Хүүхдийн аяга халбагыг томчууд хэрэглэж болохгүй, ээж нь ч бас. Зарим ээжүүд, хадам ээжүүд хүүхдийн хоолыг нэг халбаганаас амсах, амандаа хийж хөргөж эсвэл зажилж өгдөг нь маш буруу. Хэдий ээж нь ч гэлээ хүүхэддээ амны хөндийд байх нянгаа бэлэглэж байна гэсэн үг. Амны эвгүй үнэр гаргадаг нян ч бас халддаг. Хоолны халуун хүйтныг гар дээрээ багахаан дусаагаад шалгачихаж болно. 
  • Ой хүртэл хүүхдийн хоолонд давс хийхгүй. Ой хүртэл хүүхдийн өдөрт хэрэглэх давсны хэмжээ 0,2гр байдаг. Тун бага хэмжээ учир эхийн сүү, тэжээлийн сүү болон бусад хүнсний бүтээгдэхүүнээс хангалттай давс авч чаддаг. Шорвог хоол нь даралт ихсэн, зүрх судас, цус харвалт зэрэг өвчний үндсийг тавьдаг. Давстай хоол идлээ гээд хүүхдийн даралт ихсэнэ гэж юу байхав гэж бодож магадгүй, гэвч хүүхдийн даралт ихэсдэг, нас ахих тусам ихэссээр даралт ихсэн өвчтэй болдог. 1-3 насны хүүхэд өдөрт 1000мг (2,5гр), 4-8 настай хүүхэд 1200мг (3гр), 9 дээш насны хүүхэд 1500мг (3,75гр), насанд хүрэгчид өдөрт 2300мг (5,75гр) давс дунджаар хэрэглэх ёстой. Гэхдээ ийм хэмжээтэй гээд ийм хэмжээний давс хоолондоо хийж иднээ гэсэн үг биш, хүнс бүрт агуулагдах давсны хэмжээ бий гэдгийг санаарай. 
  • Шинэ хүнсийг 2-7 хоногийн хугацаатай өгнө. Дөнгөж бор хоол эхэлж идэж байгаа хүүхэд 1 долоо хоногт шинээр нэг л төрлийн хүнсийг нэмж өгөөрэй. Хүүхдэд аллерги өгвөл даруй өгөхөө зогсооно. 
  • Хүүхэд шинэ хүнс идээд аллерги өгсөн ч онцгой тохиолдол биш бол дахин өгч болно. Тухайн хүнсийг 1-3 сар өгөлгүй амраагаад өгч үзнэ. Дахин аллерги өгвөд 9-12 сар өгөлгүй амраасны дараа дахин өгч үзнэ. Нярай үед нь аллерги өгсөн ч хүүхдийг 1-2 нас хүрсэний дараа өгөхөд зүгээр. Гэвч хүнд хэлбэрийн аллерги өгч байгаа бол өгөхөөс зайлхийх нь зөв. 
  • Аллерги. Бор хоол идсэний дараа хүүхэд бөөлжих, гулгих, суулгах, бие дээр тууралт үүсэх нь аллергины шинж тэмлэг юм. Хүүхэд бага байхад нь олон төрлийн хүнсийг нэг дор нунтаглаж өгөх нь аллерги үүсгэх магадлалыг өндөр болгодог. Хүүхэд ойр ойрхон унгах, хоолондоо дургүй болох, бөөлжих, гулгих зэрэг шинж илэрвэл шинээр өгч эхэлсэн хүнсээ дариу өгөхөө больж эмчид хандаарай.
     

ХҮҮХДИЙН АМИН ДЭМТЭЙ ХООЛНЫ ЖОРУУД НОМОО ЭНДЭЭС ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ.

Хоолны ном

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер