<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Жирэмсний долоо хоногууд түүний өөрчлөлтөд анхаарах зүйлс

Огноо: 2017-02-12

Эмэгтэй хүн болж төрсний гайхамшиг дуусдаггүй гэдэгтэй та санал нийлэх үү? Эмэгтэй хүн болж төрөх, тэр тусмаа эх хүн болно гэдэг энэ дэлхийн хамгийн гайхамшигтай мэдрэмж гэдэгтэй би санал нийлдэг. Та өөрийнхөө дотор бяцхан ертөнц бүрэлдэж байгааг мэдмэгцээ тэрхүү гайхалтай ертөнцтэй танилцахыг хүсэж эхэлдэг.

Жирэмсний долоо хоногууд 

Ээжүүд сар тутмын үзлэг, эмчийн хяналтад орохоос гадна, долоо хоног ахих тусам таны биед болон, хүүхдэд тань ямар өөрчлөлт бий болж байгаа талаар маш их сонирхдог. Тэгвэл жирэмсэн болсон гэдгээ мэдсэн цагаас эхэлж төрөх хугацаа хүртлээ таны бие организм болон хүүхэд тань ямар гайхалтай аялалд гардгийг та мэдэх үү? Тэгвэл энэ аяллын явцад ээж та юу юунд анхаарах шаардлагатай байдаг талаар танд сонирхуулъя.  Жирэмсний долоо хоногуудХүүхдийн тань анхны зүрхний цохилт, гэдсэн дотор чинь тийчлэх хүчтэй хөдөлгөөн, сайхан амарч байх үед чинь нэгэн хэмнэлээр хөдлөх хүүхдийн тань зогьсуулах, дахин дахин харуулах эхо бичлэгүүд таны урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй тийм гайхалтай мэдрэмжүүдийг танд өгөх юм. Эх хүн болгон энэ мэдрэмжийг илүү их сонирхож өдөр бүр эрэл хайгуул хийж өөрийн мэдлэгээ нэмсээр байдаг. Ингээд жирэмсний долоо хоногуудад гардаг гайхалтай өөрчлөлтүүдтэй танилцъя:

Жирэмсэний сарууд болон долоо хоногууд

Жирэмсний долоо хоногууд түүний өөрчлөлтөд анхаарах зүйлс

Эхлээд жирэмсний долоо хоногууд дахь ургийн өөрчлөлттэй танилцъя:

Жирэмсний долоо хонгуудад анхаарах зүйлс

Жирэмсний 2-р долоо хоног

Хэрэв та эрхтэн бүрэн, зөв хэлбэртэй, эрүүл саруул хүүхэд төрүүлхийг хүсч байгаа бол өөрийн хорт зуршил архи уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэдэг бол одоо хаях цаг нь болж. Үүний оронд гэдсэндээ бүрэлдэж буй хүүхддээ зориулаад амин дэм, жирэмснийг дэмжигч эрүүл хүнс хэрэглэх нь зөв сонголт юм. Энэ өртөөнөөс эхлэн та Фолийн хүчлийг өдөрт 400 микрограмын тунгаар ууж эхлэсэн байх шаардагатай. Энэ нь таны хүүхдэд нугасны эвэрхий зэрэг мэдрэлийн системийн гажиг үүсэх эрсдэлийг багасгах ач холбогдолтой. Цэцэгт байцаа нь фолийн хүчил, А амин дэм, кальцаар баялаг тул та хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.

Жирэмсний 3-р долоо хоног

Та энэ үеэс эхлэн Пренатал амин дэм уугаарай. Пренатал нь ургийн гаж хөгжил үүсэхээс сэргийлэх, өсөлт хөгжилтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн эхийн амин дэм эрдсийн дутагдалыг нөхөж бие организмын амин дэм эрдэс бодис бичил элементүүдийн тэнцвэртэй байдлыг хангаж өгнө. Жирэмсний эхний 3 сард ургийн хөгжил / ялангуяа мэдрэлийн гуурсны эмгэг/ үүсэх магадлалыг эрс бууруулна. Түүнчлэн энэ хугацаанд голчлон илэрдэг ядрах, толгой эргэх, .дотор муухайрах, бөөлжих зэрэг биеийн байдлыг сайжруулна. Жирэмсэний 6-9 дэх саруудад жирэмсэн эмэгтэйн болон ургийн амин дэм болон эрдэс бодис бичил элементүүдийн өсч буй хэрэгцээг хангаж өгснөөр цус багадалтаас сэргийлнэ. Мөн төрсний дараа амин дэм болон эрдсийн ялангуяа төмрийн нөөцийг сэргээнэ. Бэлдмэлийг жирэмслэхээр төлөвлөж буй үеэс 3 сарын өмнөөс түүнчлэн жирэмсний хугацааны турш, хөхүүл үед ууж хэрэглэнэ.

Жирэмсний 4-р долоо хоног

Таны жирэмсний хугацаанд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг жирэмсний хяналт гэнэ. Эмчийн байнгын хяналтад байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж, жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тиймээс эрт жирэмсний хяналтад орох зайлшгүй шаардлагатай. Мөн эмчийн төлөвлөсөн өдөр хяналтдаа тогтмол хамрагдаж өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

Жирэмсний 5-р долоо хоног

Жирэмсний хугацаандаа хэр их ус уух ёстой вэ? Шингэн зүйл уух нь хөл, шагайн хэсгээр хавагнах, өтгөн хатах, давсаг-ний үрэвсэл, шээсний замын халдварт өвчнөөс сэргийлдэг. Мөн таны урагт очих цусыг эрчимжүүлдэг байна. Сүү, жүүскофейнгүй ундаа, цай, ус зэрэг шингэн зүйлийг өдөрт 8 аяга ууж өөрийн биеийн шингэний тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй. Гэхдээ жүүс, ундаа зэрэг нь их хэмжээний нэмэлт илчлэг агуулдаг болохоор шингэний тоонд байнга хэрэглээд байх зүйл биш гэдгийг санаарай. Өдөр 200 мл-аар илүүгүйгээр кофейнтэй цай, кола ундаа уухыг анхаараарай. Учир нь судалгаагаар дээр заасан хэмжээнээс ихээр уувал зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хэрэв та усны амтыг мэдрэхийг хүсэхгүй бол бага зэрэг жимсний шүүс, нимбэг зэргийг хийж болно. Олон аяга ус ууна гэхээр санаанд тань багтахгүй бол усны зориулалтын том саванд усаа дүүргээд оройноос өмнө ууж дуусгахыг оролдоорой.

Жирэмсний 6-р долоо хоног

Жирэмсний эрт үеийн шинж тэмдгүүд: Зарим эмэгтэйчүүд жирэмсэн болсноо жирэмсний сорилоор үзэхээсээ өмнө мэддэг. Жирэмсний эрт үеийн шинж тэмдгүүдэд:

  1. Хөх ер бусын эмзэг, том болох. Олон эмэгтэйчүүд хөх урдахаасаа томорч эмзэг болон, хөхний товчны өнгө өөрчлөгдсөнийг мэдэх болно. Жирэмсэн эмэгтэйд зориулсан хатуулгагүй, доогуураа төмөргүй хөхөвч зүүгээрэй.
  2. Ядрах. Ядартлаа юм хийгээгүй байхад амархан ядардаг болно. Энэ үед хэсэг хугацаанд унтаж амардаг болох хэрэгтэй. Тэгээд эрүүл хоол хүнс хэрэглэж, өөрийн ажлаа амар хялбар байдлаар зохицуулах нь зөв юм.
  3. Ойр ойрхон шээс хүрэх. Жирэмсэн болсны дараа ариун цэврийн өрөөрүү гүйдэлтэй болсноо анзаарах болно. Та юу ч хийсэн нэмэргүй. Харин шөнийн цагаар босож шээдэг бол өдрийн цагаар унтаж нойроо нөхөхийг хичээгээрэй.
  4. Үнэрт их мэдрэг болох. Хоолны үнэрийг хэт мэдэрч, чанасан гоймонгийн, талх, сүү, төмсний үнэрийг андахаа болино. Үнэрлэх эрхтэн тань маш нарийн мэдрэмжтэй болж хүнд үнэртэхгүй байгаа үнэрийг хүртэл мэдэрч эхэлдэг байна. Зарим эмэгтэйчүүд нөхрийгөө ажлаасаа таран гэртээ ирж байгааг хаалганыхаа цаанаас түүний үнэртэй усны үнэрээр мэдэрдэг. Та элдэв үнэр үнэртдэггүй орчинг сонгох нь зөв юм. Жирэмсэн болоогүй үедээ таны дуртай үнэр үүд хурц мэт санагдах талтай бөгөөд жирэмсний хордлоготой үед энэ нь танд таагүй санагддаг байна.
  5. Хоолонд дургүй болох. Таны хамгийн дуртай хоол одооноос хоолны нэрсийн жагсаалтаас ч гарах магадлалтай. Бүүр юу идэхээ ч мэдэхгүй үе ирдэг байна. Ихэнх эрчүүд хайртынхаа энэ байдлыг ойлгодоггүй бөгөөд жирэмсэн эмэгтэй хүртэл өөрийгөө ойлгодоггүй тийм үе аж. Энэ үед олон төрлийн хоол туршиж үзэж өөрт тохирох хоолны цэс гаргаарай. Гэвч нэг өдөр идсэн хоол тань маргааш нь таалагдахгүй ч болж болно.
  6. Дотор муухайрч, бөөлжих. Дийлэнх эмэгтэйчүүдэд жирэмсний эрт үеийн хордлого нь дотор муухайрах, улмаар бөөлжиж эхэлдэг байна. Энэ үед та ойр ойрхон бага багаар идээрэй. Хордлоготой үед таргийг 2-3 халбагаар ууж, хэсэг хугацааны дараа хоолноосоо багаар идвэл тохиромжтой байдаг.
  7. Толгой өвдөх. Зарим жирэмсэн эмэгтэйн толгой таллаж өвдөх, хатгуулж өвдөх, янгинах мэт зовууртай өвддөг байна. Та шингэний дутагдлаас сэргийлж 6-8 шилэн аягатай ус уух, хэт ядрахаас болгоомжлох хэрэгтэй. Хэрэв өвдөж байвал эмчийн заавраар өөрт тохирох эм хэрэглээрэй. Харин ибупрофен хэрэглэхээс татгалзаарай.
  8. Цус-архаг ялгадас гарах. Зарим эмэгтэйчүүдэд улаан эсвэл хүрэн бор өнгийн ялгадас гарч магадгүй. Ариун цэврийн “Өдөр тутам”-ын хэрэглэлийг хэрэглэж цус-архаг ялгадасны өнгийг хяналтын эмчээрээ хянуулаарай. Цус-архаг ялгадас нь хэт их хэмжээгээр ирэх нь тонус өгөх болон зулбах шинж тэмдэг байх магадлалтай юм.
  9. Шөрмөс татах. Өглөө сэрэх, усанд сэлэх, биеийн чилээгээ гаргах үед ихэвчлэн илэрдэг шилбэ, тавхайн шөрмөс татах үзэгдэл гарна. Энэ үед үзмийн шүүс уух, сайн унтаж амрах хэрэгтэй. Харин огцом хөдөлгөөн хийж болохгүй.

Жирэмсний 7-р долоо хоног

Та жирэмсэн болсон үеэсээ эхлэн 2 хүний төлөө иднэ гэж том эндүүрч байна уу? Та өөрийнхөө төлөө болон хүүхдийнхээ төлөө их хэмжээгээр идэхээс татгалзаж эрүүл тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал юм.Таны аяллын хамгийн чухал хэсэг бол хоол тэжээлийн чанар юм. Тогтмол, тэжээллэг хоол унд нь биед хэрэгцээт энергийг нөхөхөөс гадна таны хүүхдийн өсөлт хөгжилд шууд нөлөөлдөг аж. Учир нь таны идэж ууж байгаа хоол хүнсний тэжээл цусаар дамжин эхэст очиж, улмаар хүүхдэд хүрдэг. Үүний адилаар таны хэрэглэж буй хортой зүйлс ч хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байдаг. 

Жирэмсний 8-р долоо хоног 

Жирэмсний хордлогыг багасгах: Та хэт их ядрахаас сэргийлээрэй. Учир нь жирэмсний хордлогыг улам ихэсгэдэг. Иймээс шаардлагатай үед амарч байх хэрэгтэй. Жирэмсний хордлогыг В6 аминдэмийн дутагдлаас болж үүсдэг гэж үздэг тул бүхэл үрийн гурилаар хийсэн бүтээгдэхүүн, төмс, сүү, гадил зэргийг түлхүү хэрэглээрэй. Жирэмсний хордлогыг багасгахын тулд овьёосны жигнэмэг, хайрсан талх зэрэг нүүрс усаар баялаг зуушийг ойрхон багаар хэрэглээд үз. Дотор муухайрахаас сэргийлэхийн тулд цагаан гаа танд тус болно. Хоолондоо шинэхэн цагаан гааг хэрэглэх, эсвэл нунтаглаж цайны халбагын талаар өдөрт 4 удаа эм шиг хэрэглэх нь үр дүнгээ өгдөг байна. Ядрахаас сэргийлэн амрах аргуудаас: Жирэмсэн үедээ та уурлаж бухимдаж, ямар нэгэн юманд санаа зовоод байгаа бол түүнээс ангижрах арга нь өөрийгөө эрхлүүлэх явдал юм. Зөв хоол хүнс хэрэглэж, удаан хугацаагаар унтаж амран алжаалаа тайлах нь маш энгийн арга бухимдлаас гарах арга гэж нотлогджээ. 

  1. Хооллох Өглөө бүр ид, бага хэмжээгээр ойр ойрхон ид, ус уу, жимсний хэрэглээгээ огцом ихэсгэ. Хамгийн гол нь тэжээллэг хүнс сонгоорой.
  2. Амрах Жирэмсний иогийн дасгалын сургалтад суух, салхинд ирээдүйгээ сайхнаар төлөвлөн алхах, дуртай хөгжмөө сонсох, ном унших, лавандагийн тостой дулаан усанд орох, ядрах мэдрэмж төрж эхэлбэл 15 минут нойрсож аваад тамираа сэргээ.

Жирэмсний 9-р долоо хоног

Таныг огцом хөдөлгөөн хийснээс болж толгой тань эргэж байвал та удаан тайван хөдлөх хэрэгтэй. Цус тархи руу очих үеийг хүлээх хэрэгтэй. Биед агуулагдах сахарын хэмжээ багасдаг тул та сульдаж магадгүй энэ үед нүүрс ус хэрэглэж, хоолоо сойж болохгүй. Энэ долоо хоногт өндөг маш сайн идээрэй. Өндөг нь В аминдэмээр баялаг тул фолийн хүчлийн шимэгдэлтийг сайжруулна.
Ахуй амьдрал: 
Та муур, нохой юм уу үслэг амьтан тэжээдэг бол ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй. Амьтны ялгадас цэвэрлэх, усанд оруулах гээд бохир ажил хийхдээ бээлий өмсөөрэй. Гэхдээ аль болох ийм ажлаас хөндий байхыг хичээгээрэй. Мөн нохой бөөс гэх мэт шимэгчдийн учруулсан хор хөнөөлийн эмчилгээг малын эмчээр хийлгээрэй. 40 жилийн өмнөөс засвар хийгээгүй байранд амьдарч байгаа бол та болгоомжтой засвар хийх хэрэгтэй. Удаан засвар хийгээгүй байрны будаг задралд орж хүнд металлууд үүсэж агаар мандалд тархдаг байна. Энэ нь хүүхдийн тархи, төв мэдрэлийн болон нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг ажээ. Гэр орноо цэвэрлэхдээ угаалгын бодисуудаас хол байгаарай. Эдгээр нь химийн бодис ихээр агуулдаг юм. Та заавраас нь харан улаан зураасан тэмдэглэгээтэй, аюултай гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй. Тухайлбал цайруулагч, шавьжны хор зэрэг нь арьс цочроож, амьсгал болон төв мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй байна. Шаардлагатай үед та бээлий өмсөж цэвэрлэгээгээ хийгээрэй. 

Жирэмсний 10-р долоо хоног

Биеэ барьсан дотуур хувцас, өмд бүү өмс. Аль болох биедээ эвтэйхэн даавуун материалтай хувцас өмсөх хэрэгтэй. Мөн урд хэсэг нь нарийн шовх, өндөр өсгийтэй гутлын оронд өсгийгүй, намхан ултай, хөлд эвтэйхэн гутал өмсөх хэрэгтэй. Дотуур хувцас тань аль болох цагаан өнгийн, хөвөн-даавуун материалтай, резен нь хэт бариагүй байвал зүгээр. Харин цагаанаас өөр өнгийн дотуур хувцас өмсөхөөр бол өдөр тутмын хэрэглэлийг байнга хийж байх хэрэгтэй. Энэ үед танд хувцас тань багадаж, жирэмсний хувцас томдох учраас завсрын үе юм. Мөн резентэй, уяатай өмдөөр, хувцсаар давж өнгөрүүлэх нь зүйтэй.

Жирэмсний 11-р долоо хоног

Жирэмсэн байх хугацаандаа та харъя дүүргийнхээ эмэгтэйчүүдийн кабинетад юм уу, өрхийн эмчийн хяналтад байх ёстой. Эмчийн байнгын хяналтад байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж, жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм. Хэрэв жирэмсэн бол жирэмсний эхний 3 сарын дотор жирэмсний хяналтад орох нь чухал. Жирэмсний хяналтад эрт орсноор :

  • Эмч таны жирэмсний хугацаа болон амаржих, амралтаа авах хугацааг зөв тогтоож өгнө.
  • Танд болон нөхөрт тань эсвэл найз залууд чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөнд бэлтгэх талаар зөвлөгөө өгнө.
  • Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна.
  • Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана.
  • Төмөр нь жирэмсэн эмэгтэйд чухал хэрэгцээтэй бичил элемент юм. Цусан дахь гемоглобины бүтцэд орж, эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг. Ургийн өсөлт хөгжил хэвийн явагдахад төмөр, фолийн хүчлийн хэрэглээ нэмэгддэг.Жирэмсэн эмэгтэйн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний төмрийн агууламж жирийн хүнээс дунджаар 10 дахин их байх шаардлагатай.
Фолийн хүчлийн дутагдал нь зулбах, дутуу төрөх, төрсний дараах үед сэтгэл гутралын байдалд орох зэрэг хүндрэл үүсдэг. Хүүхэд бага жинтэй төрөх, мэдрэлийн тогтолцооны гаж хөгжил үүсэх нь элбэг тохиолддог.
Төмөр дутагдлын шинж тэмдэг:
  • Ядрах, анхаарал сарниах, тайван бус мартамхай, уцаартай болох
  • Өглөөгүүр толгой өвдөх, эргэх
  • Халдварт өвчинд өртөмтгий болох, хумсанд хөндлөн зураас үүсэх
  • Амьсгаадах эхэн үедээ биеийн хүчний ажил хийхэд аажимдаа тайван байхад ч амьсгаадна
  • Хоолонд дургүй болох, суулгах, өтгөн хатах
  • Үнэрлэх, амт мэдрэх байдал өөрчлөгдөх
  • Ямар хүнс төмөр, фолийн хүчил их хэмжээгээр агуулдаг вэ?
  • Мах махан бүтээгдэхүүнд агуулагдах төмөр хүний биед илүү сайн шингэдэг. Мах, элэг, навчит ногоо, вандуй зэрэг хүнсний бүтээгдэхүүн төмрөөр баялаг.
  • Ногоон өнгийн түүхий жимс, хүнсний ногоо, үхрийн элгэнд хүчил ихээр агуулагддаг. Мах, өндөг, сүүнд агууламж бага байдаг.
Төмөр, фолийн хүчлийг хэрхэн зөв хэрэглэх вэ? Жирэмсэн эмэгтэй нэмэлтээр:
  • Төмрийн бэлдмэлийг 60мг өдөрт
  • Фолийн хүчлийг 400мкг өдөрт эхний сараас эхлэн хэрэглэнэ. 
  • Төрсний дараа 2 сарын турш үргэлжлүүлэн хэрэглэнэ.

Жирэмсний 12-р долоо хоног

  • Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай
  • Хорт зуршил, архи тамхины хор
  • Гэр бүлийн оролцоог дэмжих
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн тухай

Жирэмсний 13-р долоо хоног 

Төмрийн дутагдал /төмөр нь амьтны гаралтай хүнс, ногоон навчтай хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагддаг/, фолийн хүчлийн дутагдал, шамбарам зэрэг шалтгаанаас болж цус алдах үндсэн шалтгаан болдог. Жирэмсний явцад төмрийн бэлдмэл ууж, төмрийн хэрэгцээгээ нөхөхгүй бол хэвлий дэх ураг ээжийнхээ төмрийн нөөцийг дуусгах болно. Үүнээс шалтгаалан дутуу төрөлт, хэвлий доторх дутуу хөгжил, төрсний дараах эдгэрэлт удаашрах гэх мэтийн сөрөг үр дагавар гарч болох юм. Ийм учраас ялангуяа цус багадалттай эхчүүд жирэмсний 3 сараас хойш төмрийн бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглээрэй.

Жирэмсний 14-р долоо хоног

Эрсдэлгүй эрүүл жирэмслэхийг хүсвэл та өөрөө болон нөхөртэйгөө хамт төрөхийн өмнөх сургалтад суух юм. Жирэмсний явцад эрүүл байх талаар танилцах шатны сургалтад эхэлж суугаад, хүүхэд төрөхөөс 8-10 долоо хоногийн өмнө сургалтад дахин хамрагдахыг хичээгээрэй. Үндсэндээ 3 төрлийн сургалт байдаг.

  1. Эмнэлэгт түшиглэсэн сургалт: Та хүүхдээ төрүүлэх эмнэлэгтээ үнэ төлбөргүй сургалтад хамрагдаж болох бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах боломжтой.
  2. Төрөхийн өмнөх сургалт: Ийм сургалтад хамрагдахдаа та мэргэшсэн багш нар болон бусад ээжүүдтэй уулзаж, ярилцах юм. Энэ сургалтад сууснаар та эрсдэлтэй жирэмслэлтийн тухай мэдээллийг олж авах юм.
  3. Салбар хэсэг дээрх сургалт: Эх баригчид, эмнэлгийн ажилтнуудаас энэ сургалтын мэдээллийг анч болно. Эдгээр сургалтууд дээр хүүхдийг хэрхэн асрах, судлах тухай заахаас гадна төрөхийн өвдөлт болон төрөх үед биеэ хэрхэн зөв удирдах талаар зааж сургана. 
  4. Бусад сургалтууд: Нөхөн үржихүйн чиглэлээр ажилладаг байгууллагуудаас зохион байгуулдаг төлбөртэй сургалтууд байдаг. Эдгээр сургалтуудад гол төлөв төрөхийн өмнөх үеийн дасгалууд, өвдөх, төрөх үеийг даван туулахад туслах зорилгоор биеэ суллах зэргийг зааж сургадаг. Тэнд та өөртэйгөө ижил жирэмсэн ээжүүдтэй уулзаж ярилцаж мөн нөхөртэйгөө хамт сургалтад хамрагдах боломжтой.

Жирэмсний 15-р долоо хоног

Та яг одооноос эхлэн хоолны дэглэмдээ анхаарах хэрэгтэй. Эрүүл хооллож, биеийн жингээ хянах хэрэгтэй шүү. Мөн эмч зөвлөсөн бол төмрийн бэлдмэлээ ууж эхлээрэй. Мөн эхний 3 сарыг өнгөрөөгөөд фолийн хүчилийг ууж болно.

Жирэмсний 16-р долоо хоног

Та ямар нэгэн хорт зуршилтай бол тэрийг нэн даруй зогсоох хэрэгтэй. Мөн амьдарч байгаа орчноо эрүүл байлгаарай. Эрүүл зөв хооллож, хэтрүүлэн идэж болохгүй. Эмч зөвлөсөн бол төмрийн бэлдмэл ууж эхлэх, төрөхийн өмнөх 2 дахь удаагийн нарийвчилсан үзлэгт ороорой ээжүүд ээ

Жирэмсний 17-р долоо хоног

Нойргүйдэлд автсан, нойр нь хүрэхгүй байгаа жирэмсэн эхчүүдэд зөвлөхөд унтахаасаа өмнө бүлээн сүү уух, аль болох В витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, өдөр тутамд тогтмол дасгал хийх, балжингарам, нимбэгийн цай уух хэрэгтэй. Мөн унтахаасаа өмнө цусан дахь сахарын хэмжээг өсгөхийн тулд хөнгөн чанарын юм идэхийг зөвлөж байна. Оройн хоолны дараагаар шингэн зүйл уухгүй байх нь шөнө дунд ойр ойрхон шээхээр босохгүй байхад тань тустай. Цай, кофе, кола, шоколад мэтийн шээсний хэмжээг ихэсгэгч зүйлсийг хязгаарлах хэрэгтэй.

Жирэмсний 18-р долоо хоног

Таны үсний ширхэг илүү нарийсаж, хугарч гэмтэж байгаа. Хуурай үс улам хуурайшиж, харин тослог үс бүр ч ихээр тослогдоно. Та өөрийнхөө үсчний зөвлөгөөг даган өөрийн үсэнд тохирох тэжээлийн тос, шампунь хэрэглэх хэрэгтэй. Энэ долоо хоногт танд өтгөн хатах, ходоод өвдөх, цээж хорсох зовиурууд мэдрэгдэж болох ч энэ нь таны ууж байгаа витаминуудаас үүдэлтэй гэдгийг мартаж болохгүй. Өтгөнөө хатаахгүйн тулд өдөрт 2 удаа сайн чанарын жимс идэж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Гэдсээ язрахаас хамгаалан язралтын эсрэг тос хэрэглээрэй. Мөн энэ үеэс таны нүүрэн дээр нүдэнд мэдэгдэхүйц сэвх харагдана. Та энэ үзэгдэлд ерөөсөө санаа зовох хэрэггүй. Жирэмсний сүүлийн саруудад царай тань шингэрч сэвх бага багаар арилж, төрсөний дараа харагдахаа болино.

Жирэмсний 19-р долоо хоног

Одооноос биеэ сайн анхаарч, нуруундаа хэт их ачаалал өгөхгүй байхыг бодож, ганцаараа удаан зугаалахгүй байхыг зөвлөе. Мөн хүүхдэд зайлшгүй хэрэгтэй эд, зүйлсийг бодож эхлээрэй.

Жирэмсний 20-р долоо хоног

Жирэмсний хяналтад орсон өдрөөс эхлэн эмчийнхээ ир гэсэн хугацаанд очих бүрд таны биеийн жин, даралт, аарцагны хэмжээг эмч байнга үзэж хэмжиж байгаа байх. Жирэмсний явцад цусны даралт 140/90-ээс өндөр байвал даралт өссөн гэж үзээд эмчийн тусгай хяналтад байх ёстой. Даралт өсөхтэй зэрэгцэн ялангуяа анхны төрөгч эхчүүдийн шээсэнд уураг ялгарах үзэгдэл илэрдэг. Энэ бол жирэмсэн эхийн хувьд хэвийн бус, аюултай нөхцөл юм. Ийм нөхцөл байдалд илүү их эрсдэлтэй бүлгийн хүмүүс бол:

  • Жирэмслэхээсээ өмнө үе үе даралт ихэсдэг байсан,
  • Өмнөх жирэмслэлтийн үед даралт ихэсдэг байсан,
  • Хэт тарган, жин ихтэй хүмүүс,
  • 20-оос доош насны, 40-оос дээш насны жирэмсэн эхчүүд,
  • Ихэр жирэмсэн,
  • Сахар, бөөрний өвчтэй хүмүүс юм.

Хооллох зөвлөмж: Загас идэх нь зүрхний өвчтэй хүмүүсийн хувьд эрсдэлийг багасгаж, хүхрийн агууламжаараа эрүүл хооллолтод тооцогдох авч та загас идэхдээ зарим зүйлс дээр анхаарах хэрэгтэй. Ялангуяа жирэмсэн эхчүүд маань туна загас, яргай загас, гүний усны загас болон далайн амьтныг идэхээс зайлсхийх хэрэгтэй. Эмч нар жирэмсэн эхчүүдэд нуурын загас, тунгалаг усны загаснуудыг идэхийг зөвлөдөггүй.

Жирэмсний 21-р долоо хоног

Одооноос та одоо эмчид үзүүлэх шаардлагатай бөгөөд төрөх газраа сонго, судлах цаг үе юм. Та юуны өмнө төрөх талаар эмчтэйгээ сайн ярилцаад үзээрэй. Мөн энэ үед жирэмсний хичээл болон дасгал хөдөлгөөнд анхаарлаа хандуулж болно. Нэмэлтээр хэрэглэж буй кальци агуулсан витамин нь хангалттай хэмжээгээр кальцийг тань нөхөж чаддаггүй байна. Учир нь витаминд их хэмжээгээр кальци агуулах нь түүнийг тогтворгүй, биед шингэхгүй болгодог байна. Жирэмсэн эхэд өдөрт 1000 миллиграмм хэмжээний кальци хэрэгтэй байдаг ч витамин нь үүний 150-250 миллиграммыг нь л нөхдөг байна. Тиймээс та өдөр бүрийнхээ витаминыг тогтсон жорын дагуу уухаас гадна нэмэлтээр сүү, тараг, үзэмний шүүс зэрэг кальциар баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж дадаарай.

Жирэмсний 22-р долоо хоног

Бие засах үед ануснаас цус гарах, загатнах, өвдөх зэргийн зовиур илэрнэ. Өтгөн хатвал улам ч их асуудал үүснэ. Мэдээж хэрэг мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Эмчийн хяналтад зарим төрлийн лаа, түрхлэг тос хэрэглэж, бүлээн усан дээр суух зэргээр өвчнийг намдааж болно. Та өдөрт 6-8 аяга ус уух ёстой. Ингэж байж л цусны эргэлт, биеийн тэнцвэртэй байдлыг хамгийн сайнаар хангаж чадна. Дасгал хийдэг жирэмсэн эхчүүд болон зуны улиралд энэ хэмжээнээс 2 аяга илүү ус ууж байхыг зөвлөдөг. Өдөрт уух ёстой энэ шингэнд карантны ус, жимсний жүүс, рашаан зэрэг бус, буцалгасан эсвэл савласан цэвэр ус л орох болно.

Жирэмсний 23-р долоо хоног

Энэ долоо хоногоос эхлэн таны хөл, гар, биед жирэмслэлттэй холбоотой хаван гүйж эхэлнэ. Ялангуяа өдөрт байнга зогсоо ажил хийдэг бол оройдоо хөлийн шагай, хөлийн нуруу хэсгээр хавагнана. Хэрвээ таны хаван хөлийн шагай хэсгээс дээшилж, шилбэ хэсгээр хавагнаж эхэлбэл та эмчид хандах хэрэгтэй. Өөр нэгэн зовиур бол цээж хорсох, ходоод өвдөх. Тийм учраас та хооллохдоо ойр ойрхон, бага багаар хооллох нь зүйтэй. Аль болох өөх тос ихтэй, халуун ногоотой хоол хүнснээс зайлсхийх ёстой. Унтахаасаа 1 цагийн өмнө бага зэргийн чихэртэй, 1 аяга бүлээн сүү уувал шөнө дунд та зовиургүй тайван нойрсох болно. Мөн хяналтын эмчдээ үзүүлэхээ мартуузай.

Жирэмсний 24-р долоо хоног

Жирэмсэн эхчүүдийн хамгийн ихээр санааг нь зовоодог зүйл бол хянаж, тогтоож дийлшгүй таргалалт байдаг. Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа удааширснаас, хоолны дуршил нэмэгдсэнээс болж жирэмсэн эхчүүд хэтэрхий амархан жин нэмдэг. Ихэнх эмэгтэйчүүд өмнөхөөсөө их идээгүй хирнээ таргалаад байна гэж гомдоллодог. Жин нэмэх нь тухайн хүний биеийн онцлог, гэр бүлийн биеийн бүтцээс шалтгаалдаг. Сард 2 кг жин нэмэх нь хэвийн үзэгдэл. Жин нэмэх нь хүн бүр дээр өөр, жирэмслэлт бүр дээр харилцан адилгүй байдаг. Жин нэмэх хамгийн боломжийн хүснэгтийг эмч гаргаж өгч чадна. Хэт их жин нэмсэн үед сануулж, бага нэмсэн бол зөвлөгөө өгөх болно.

Жирэмсний 25-р долоо хоног

5 дахь долоо хоногт ургийг тээж буй сав дунджаар хөл бөмбөгийн бөмбөг шиг болсон байгаа бөгөөд эрчимтэй томорч байгаа.

  • Томорч буй ураг хэвтэхэд мэдрэлийн судаснуудыг дардаг учраас эхийн нуруу, хөл чинэрэх, өвдөх магадлалтай байдаг.
  • Нурууны өвдөлтийг намжаахын тулд ойр ойрхон байрлалаа өөрчлөн хэвтэж, аль болох удаан хугацаагаар хөл дээрээ зогсохгүй байх, боломж гарах болгонд амрах, бүлээн шүршүүрт орох, мөсөөр жин тавих, мөн эмчийн зөвлөгөөгөөр өвчин намдаах эм хэрэглэж болно. 
  • Сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ аль болох тосыг нь ялгасан хэлбэрээр хэрэглэвэл зүгээр. Энэ нь танд эхэн хэсэгтээ утгагүй санагдах боловч тосыг нь ялгасан сүү, сүүн бүтээгдэхүүнд илүү их хэмжээний кальци агуулагдсан байдаг юм. Тос нь танд хэрэггүй учраас та шаардлагагүй жин нэмэхгүй болно. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд урагт ямар ч хор нөлөөгүй, харин ч хэрэгтэй.

Жирэмсний 26-р долоо хоног

Жирэмсний долоо хоног нэмэгдэх тусам ихэнх эхчүүдийн хөл гар нь хавагнаж, нуруун дээгүүр хаван гүйж байдаг. Үүний учир нь таны хэвлийд бойжиж буй хүүхэд томрох тусам гэдэсний хөндийд байрлах төв мэдрэлийн судаснуудад даралт үүсгэснээс хаван үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ялангуяа ажил хийдэг эхчүүд 2 цаг тутамд 10 минут алхаж, амарч байхдаа хөлөө дээш өргөн хэвтэж болно. Хавагнаж байхдаа цусны даралт ихсэж байгаа эсэхийг хянаж байх хэрэгтэй. Жирэмсэн эхийн цусны даралт 140/90-ээс доош байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Жирэмсний 27-р долоо хоног

Өөрөөрөө төрөх явцад эхийн үтрээнд ямар нэгэн бактери байвал хүүхдэд халдварлан янз бүрийн өвчин үүсгэх аюултай байдаг. Тиймээс төрөхийн өмнө 37 дахь долоо хоногт мазокийн шинжилгээ авч эмч хянах ёстой. Шинжилгээ зүгээр гарсан ч гэлээ үтрээг цэвэрлэх зорилгоор зориулалтын лааг төрөхийн өмнө эмч нар хэрэглүүлдэг. Сүүлчийн 3 сар бол жирэмсэн эхчүүдийн хувьд жин нэмэх авьяас нь тодордог үе. Ийм учраас жирэмсэн эхчүүд маань аль болох өөх тос багатай, эрүүл хүнсээр хооллох хэрэгтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, цагаан будаа, гоймон, шинэ, чанартай хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах, тахиа зэрэг уураг ихтэй хүнсийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Ерөнхийдөө өдрийн 3 удаа хооллож, дундуур нь 3 удаа хөнгөн чанарын зүйлс иднэ. Хөнгөн чанарын зүйлсэд алим, гадил жимс, усан үзэм, тарвас зэрэг орох бөгөөд эдгээрээс бага багаар, ээлж ээлжээр идэхийг хэлнэ. Их жимс идэх нь чихэрлэг зүйлс ихийг идсэнд тооцогдох болно.

Жирэмсний 28-р долоо хоног

Жирэмсэн үед ихээхэн халууцах магадлалтай байдаг тул биед чөлөөтэй, сул, хөнгөн, нимгэн, даавуун материалтай ,байгалийн утсаар хийсэн хувцас сонгоорой. Мөн хөлдөө таарсан намхан өсгийтэй гутал өмсөх нь зүйтэй. Тонгойход эвгүй байх тул үдээстэй гутлаас түр татгалзаарай. Цус багадалтаас сэргийлж эмчийн заавраар төмрийн бэлдмэл уугаарай. 

Жирэмсний 29-р долоо хоног

Жирэмсний энэ үед таний гэдэс ч том болсон байх тул та аль болох жирэмсэн үед аялах агаарын тээврээр зорчих, жолоо барих зэргээс татгалзаарай, хэрвээ үнэхээр чухал тохиолдол гарсан бол маш болгоомжтой гадуур явж байхыг зөвлөе.

Жирэмсний 30-р долоо хоног

Тайвшрах, сулрах дасгалууд төрөхөд болон жирэмсний сүүлийн долоо хоногуудад танд их хэрэг болно. Биеэ суллахын тулд танд хамгийн тохиромжтой байрлалыг олж хэвтэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд энэ дасгалыг хийхэд дэр хэрэглэдэг. Нүдээ аниад, тархиныхаа болон биеийнхээ хэсэг бүрийг чангалж, суллахад төвлөрүүлэх нь танд тус болох болно. Хөлийнхөө өсгийнөөс эхлээд ээлж ээлжээр биеийнхээ бүх хэсгийг чангалж, суллаж толгойгоо хүртэл үүнийг давтаад буцаад хөлийнхөө өсгийг хүртэл хийх хэрэгтэй. Дасгал дуусахад таны бие амарсан байх болно. Харин тархи толгойгоо амраахын тулд анхаарал төвлөрөлт шаардлагатай. Чимээ аниргүй өрөөнд ганцаараа суугаад юу ч бодолгүй гүнзгий амьсгаа авч, гаргах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа аваад хэсэг хугацаанд амьсгаагаа түгжин бага багаар зөөлөн гаргана. Тэнцвэртэй байрлалаа олсны дараа таны булчингууд суларч эхэлнэ. Энэ сулрах дасгалыг өглөө бүр 10 минут хийж байхыг танд зөвлөж байна.

Жирэмсний 31-р долоо хоног

  • Өглөө бүр цайгаа тухтай сайхан уусны дараа таны хүүхэд 2 цагийн дотор 2 удаа хөдөлсөн байх ёстой. Хүүхдийн хөдөлгөөн хэт багасах эсвэл огт хөдөлгөөн мэдрэгдэхгүй болбол та яаралтай эмчид хандах ёстой. Хүүхдийн хөдөлгөөн, хүүхдийн эрүүл саруул байгаатай шууд холбоотой учраас төрөх дөхөж байгаа эхчүүдээс хяналтын эмч нар очиж үзүүлэх бүрд хүүхдийн хөдөлгөөн ямар байгааг асуудаг. Энэ долоо хоногоос эхлээд өдөрт 2-3 удаа базалж өвдөх маягийн өвдөлтийг мэдрэх нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь хуурамч өвдөлт бөгөөд сав агшихтай холбоотой байдаг. Иймээс үүнд сандрах хэрэггүй.
  • Ихэнх ээжүүдийн нойргүйдэл хэвийн бус байдаг. Нойргүйдлээс гарах арга зам бол байнгын дасгал хийх юм. Цэвэр агаарт өдөр бүр өглөө оройд хагас цаг алхах нь боломжийн дасгал болно. Унтахаасаа өмнө хэт их хоол идэхгүй байх, ходоод хорсох нь нойр хулжихад хүргэнэ. Унтахаасаа өмнө 1 аяга бүлээн сүү уух нь ходоодонд сайн. Бүлээн шүршүүрт орох нь биеийг амраана. Мөн түүнчлэн өвдгөн завсраа болон гэдсэн дороо дэр эвж унтах нь илүү тухтай байдаг.

Жирэмсний 32-р долоо хоног

Жирэмсний гурав дахь гурван сарын хугацаанд дараах шинжилгээнүүдийг өгөх шаардлага гарч болно. Үүнд:
  • Хэрэв танд жирэмсэн үеийн диабет байж магадгүй гэсэн эргэлзээ байвал цусанд сахарын төвшин тодорхойлох шинжилгээ хийнэ.
  • Цусны шинжилгээг дахин өгч цус багадалт болон бусад өөрчлөлт байгаа эсэхийг тодруулна. Хэрэв танд бэлгийн замын халдвар байх эрсдэлтэй бол шинжилгээг давтан хийнэ.
  • Хэрэв жирэмсний түрүүчийн хэт авиан шинжилгээнд ихэс түрүүлэлт болон ихэс доор байрласан болох нь тогтоогдож байсан бол дахин харуулна.
  • Хэрэв та өндөр эрсдэлтэй жирэмсэн эсвэл эмч ургийн хэвийн өсөлт хөгжилтийн талаар тодруулах шаардлагатай гэж үзвэл хэт авиан шинжилгээ болон ургийн зүрхний бичлэг зэрэг шинжилгээнүүдийг үечилсэн байдлаар давтан хийж болно.
  • Хэрэв таны жирэмсний явц хэвийн байсан боловч төрөх хугацаа өнгөрсөн бол таны хүүхэд хэвийн байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. 40 өөс 41 долоо хоногийн хооронд ургийн зүрхний бичлэг хийхээс гадна хэт авиан шинжилгээгээр ураг орчмын шингэний хэмжээг тогтооно. Эдгээр шинжилгээг долоо хоногт хоёр удаа хийдэг бөгөөд ямар нэгэн өөрчлөлт байхгүй байвал төрөх үйл ажиллагаа өөрөө эхлэхийг хүлээх болно. Хэрэв төрөх үйл ажиллагаа эхлэлгүй жирэмсний 42 долоо хоног болвол төрөлт сэдээлт хийж төрөлтийг эхлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай болно. Жирэмсний энэ хугацаанаас хэтэрвэл таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд үүсж болох эрсдэл нэмэгдэнэ. Иймд та жирэмсний давтан шинжилгээндээ хамрагдахаа мартуузай.

Жирэмсний 33-р долоо хоног 

Энэ үед хүүхдийн байрлал бага багаар доошилж, эхэд алхаж явахад зовиур мэдрэгдэж нуруу чилж өвддөг. Иймд ээжүүд маань даруулга бүсийг зүүх нь элбэг байдаг. Жирэмсний сойлт бүс буюу даруулгыг зүүхдээ эхлээд эмчдээ үзүүлэн заавал зүүх ёстой үед л зүүгээрэй. Энэ сойлт бүс нь хүүхдийг дутуу төрөх аюулаас сэргийлж толгойны ясыг аарцаг руу шахагдахаас сэргийлдэг.

Жирэмсний 34-р долоо хоног

Энэ долоо хоногт хүүхдүүдийн 96 хувь нь толгойгоо урвуу харуулсан байдаг. Үүний шалтгаан нь эхийн хэвлийд буруу харсан лийр хэлбэртэй саван дотор хүүхдийн хамгийн тухтай байршил учраас юм. Эхийн хэвлий дэх хүүхдүүдийн 3 хувь нь 37 дахь долоо хоногт бөгсөөрөө байрласан хэвээр байдаг ба энэ нь эх хүүхэд хоёрын аль алинд нь эрсдэлтэй учраас кесаров хагалгаа хийх шаардлагатай гэж үздэг. Эх маань өөрөө кали, кальциар баялаг хоол хүнс хэрэглэвэл булчин зангирах, шөрмөс татахыг багасгана. Калийн дутагдлыг өдөр тутмын хоол хүнсээр нөхөх боломжтой. Гадил жимс, грейфурт, жүрж, тараг, бяслаг, буурцаг нь калиар баялаг хоол хүнс юм. Харин кальци бол сүү, сүүн бүтээгдэхүүнд хамгийн ихээр агуулагддаг учраас жирэмсэн байх хугацаандаа өдөр бүр тогтмол хэмжээгээр сүү, сүүн бүтээгдэхүүнүүдээс ууж занших хэрэгтэй. Кальцийг витамин бэлдмэлээр ууснаас өдөр тутмын хоол хүнсээрээ авч байх нь хамгийн зөв алхам юм.

Жирэмсний 35-р долоо хоног

Төрөх дөхсөнтэй холбогдуулан таны эрч хүч багасаж байгаа байлгүй. Тэгэхлээр танд өглөөний цайн дээрээ бэлтгээд уухад хялбархан эрч хүчийн бэлдмэлийг санал болгоё. Цахилгаан блендэр /бутлагч/ дотор тухайн улиралд шинээр гарсан хэдэн төрлийн жимснээс хийгээд, 2 амны халбагаар сахарын пудра, 1 аяга сүү, 1 амны халбагаар хуурай сүү, 0,5 аяга тараг хийгээд 3 минут бяцлахад хангалттай. Танд эрч хүч өгөхийн зэрэгцээ байнга идэж уйдсан зүйлээс өөр амтыг танд өгөх болно. Та жирэмсний давтан шинжилгээ болох мазок, био хими, цусны шинжилгээ гэх мэт шинжилгээнүүдээ өрхийн эмнэлэгтээ өгөөрэй.

Жирэмсний 36-р долоо хоног

Төрөхөд ганцхан сар үлдсэн байгаа тул хуурамч өвдөлтийн нөлөө нэмэгдэж, таныг сандаргаж магадгүй. Хуурамч өвдөлт бол тогтмол бус, хэсэг өвдөөд алга болдог, жаахан амрахад л зүгээр болчихно. Хуурамч өвдөлтийн үед өвдөлт хоорондын зай нь ойртохгүй, өвдөлт нь улам хүчтэй болохгүй. Хэзээ өвдөх нь, үргэлжлүүлж өвдөх эсэх нь мэдэгдэхгүй. Харин жинхэнэ төрөлтийн өвдөлт бол тогтмол, хоорондын зай нь жигд, цаг ахих тусам улам хүчтэй, өвдөлт хоорондын амрах зай нь цаг ахих тусам багасдаг. Амрах, байршлаа солиход өвдөлт намжихгүй, өвдөлтийн төрөл нь өөрчлөгдөхгүй. Базалж, сав агшихад гэдэс хатуурна, өвдөлт зогсоход гэдэс зөөлөрнө. Өөрийгөө ядраахаас зайлсхийгээрэй. Өдрийн цагт хоёр хөлөө дээш нь сойж, булчингуудаа суллаж өгөөрэй. Амарч байх үедээ намуухан хөгжим сонсож тайвшралтыг олж авах хэрэгтэй шүү ээжүүд ээ.

Жирэмсний 37-р долоо хоног

Одооноос та эмнэлэгт очихдоо авч явах зүйлсээ бэлтгэх хэрэгтэй. Тухайлбал:

  • Эхийн карт буюу жирэмсэн үеийн эхийн тэмдэглэлүүд
  • Ор хөнжлийн даавуу
  • Унтлагын хувцас,
  • Ариун цэврийн хэрэглэл, том хүний памперс
  • нүүр, гарын алчуур
  • Зөөлөн битүү таавчик
  • Толгой боох алчуур
  • Нойтон салфетка
  • Гар ариутгагч
  • Клизм
  • Хүүхдийн угааж, ариутгасан өлгий
  • Живх, илүү дэлгэрэнгүйг эндээс.

Жирэмсний 38-р долоо хоног

  • Төрөх явцад мэдээ алдуулах эсэх дээр одооноос та өөрийн шийдвэрээ гаргасан байгаа байх. Хэрвээ мэдээ алдуулах бол мэдээ алдуулагч эмчийн хяналтад дор, нугас руу тариа хийж, бэлхүүс, нуруу хэсгийн өвдөлтийг та мэдрэхгүй гэсэн үг. Тариа хийснээс хойш 15 минутын дараа бүрэн мэдээ алдалт эхэлнэ. Үүнийг хийлгэхийг үнэхээр хүсэж байгаа эсэхээ, сэтгэлзүйн хувьд үүнд бэлтгэлтэй байгаа эсэхээ сайтар бодож тунгаан, эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
  • Жирэмсний хүндрэл болон эрүүл мэндийн байдлаас болж зарим эхчүүд кесар хагалгааг хийлгэдэг.Эхийн хэвлий болон умайг зүсэж түүгээрээ хүүхдийг нь төрүүлэх мэс заслыг кесар хагалгаа гэдэг. Тодорхой нөхцөл байдлуудад кесар хагалгааг урьдчилан төлөвлөж хийдэг. Мөн төрөлтийн явцад болон жирэмсний зарим хүндрэлүүдийн үед яаралтай журмаар хийж болдог.
  • Кесар хагалгаа бол хэвлийн хөндийн том мэс заслуудын нэг бөгөөд төрөх замаар төрөхөөс эрсдэл ихтэй. Кесар хагалгаанд орсон эх халдвар авах, цус алдах зэрэг хүндрэл үүсэх эрсдэл өндөр байхаас гадна хагалгааны дараах шархны өвдөлт их, эмнэлэгт хэвтэх хугацаа урт, шархны эдгэрэлт удаан зэрэг олон сул талуудтай. Хагалгааны явцад гэдэс болон давсаг гэмтэх нь бусад хүндрэлтэй харьцуулахад цөөн тохиолдоно.
  • Мөн та олон хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бол кесар хагалгаа хийлгэсний дараагийн жирэмслэлтийн явцад ихэс түрүүлэх болон ихэс умайн хананд хэт гүн бэхлэгдэх зэрэг хүндрэл үүсэх эрсдэл нэмэгддэг байна. Гэвч энэ нь кесар хагалгаанд орсон хүн бүхэнд тохиолддоггүй бөгөөд ийм хүндрэл үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.
  • Кесар хагалгаагаар төрүүлэх нь төрөх замаар төрснөөс эхийн болон хүүхдийн амь насанд илүү эрсдэл багатай байдаг.

Жирэмсний 39-р долоо хоног

  • Энэ долоо хоногт эхэд илрэх зовиурууд нь: цээж хорсох, өтгөн хатах байна. Иймээс шингэн зүйлс сайтар ууж, аль болох хивэг ихтэй хоол хүнсийг хэрэглэснээр өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх боломжтой. Харин цээж хорсолтын хувьд ойр ойрхон, бага багаар хооллох нь танд тустай байж болох юм. Шөнө унтахдаа дэрээ өндөрлөж унтвал цээж хорсолтыг багасгадаг.
  • Жирэмсний 39 дэх долоо хоногт эхчүүд ихэвчлэн өөрийгөө дэндүү тарган, хөдлөхөд хэцүү байна хэмээн гомдоллодог. Боломжоороо өдөржин гэртээ суухаас зайлсхийн гадуур агаарт гарах, ойрхон айл хэсэх зэрэг нь эхийг сэргээж өгнө. Энэ тал дээр гэр бүлийнхний болон орчны тусламж дэмжлэг ихээхэн хэрэгтэй.
  • Хүүхдээ хөхүүлэх, эхийн сүүгээр хооллох нь өдөрт эхийн хоол боловсруулалтад 500 калорийн нэмэлт хэрэгцээг бий болгодог. Эрүүл, тэнцвэртэй хооллодог эхчүүд: шинэ хүнсний ногоо - жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, уургаар баялаг хоол хүнсийг хэрэглэж өөрийнхөө болон хүүхдийнхээ өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангаж чадна. Тэнцвэртэй, эрүүл хооллох нь эрүүл саруул хүүхэд төрүүлэхэд нөлөөлөхийн зэрэгцээ эхийн жинг хяналттай байлгахад тустай. Судалгаанаас үзэхэд тэнцвэртэй хооллох нь гэнэт ураг амьгүйтэх синдромыг зогсоодог гэсэн байна.
  • Гэнэт ураг амьгүйтэх синдром нь хамгийн ихээр жирэмсний 2-4 сартайд тохиолдох ба зөвхөн АНУ-д гэхэд жилд 5000 хүүхэд алдахад хүргэж байжээ. Гэнэт ураг амьгүйтэх тохиолдолд хамгийн ихээр шим тэжээлгүй, чанаргүй хооллолт нөлөөлдөг гэж үздэг. Өөр нэг эрсдэл бол жирэмсэн үедээ тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, жирэмсний байнгын хяналтад байгаагүйгээс шалтгаалдаг байна.

Жирэмсний 40-р долоо хоног

Магадгүй энэ үед та аль хэдийнээ төрсөн байна байх. Тийм учираас танд төрсний дараах зөвлөгөөг хүргэе.
Төрсний дараах 45 хоногт буюу шавхарга гарах явц үргэлжилж байхад эхчүүдийн биед жирэмсний үеэс хэвийн үе рүүгээ шилжих процесс явагдаж байдаг учраас та энэ үед хоол хүнсэндээ анхаарах ёстой. Үүнээс илүү чухал нь та хүүхдээ хөхөөр хооллох учраас таны идэж буй хоол хүнс хүүхдэд шууд нөлөөлнө. Иймээс та хөхүүл эхийн хоолны дэглэмийг сахиж, зарим хоол хүнсийг хориглох ёстой. Жишээ нь: Кафейн өдөрт 2-оос илүү аягыг уухад хүүхэд тань тавгүйтэж, нойргүйддэг тул хориглодог. Угаасаа ч унтаж өгдөггүй, уйлагнадаг хүүхэдтэй байхыг ямар эх хүсэх билээ дээ. Мөн хийжүүлсэн ундаанаас аль болох зайлсхийж бай, байхуу цайг шингэн эсвэл нимбэгтэй ууж байх хэрэгтэй. Ургамлын гаралтай ямар нэгэн цайг уухаасаа өмнө заавал эмчээс асууж зөвлөгөө нь зохистой.

Жирэмсний 41-р долоо хоног

Төрснөөс хойш хэдэн хормын дараа хүүхэддээ хөхөө амлуулна. Хөхөө амлуулах нь 2 сайн талтай.

  1. Хүүхдийн зунгаг эрт гарна.
  2. Эхийн сав сайн агшиж, цус алдахаас сэргийлнэ.

Эхний 3 хоногт эхийн сүүнд ангир уураг боловсрох ба эхэндээ шаргал өнгөтэй өтгөвтөр байна. Эхийн ангир уураг хүүхдэд хамгийн чухал хэрэгтэй гэдгийг ээжүүд та бүхэн мэдэж байгаа. Тиймээс хүүхдээ хөхөөр хооллохыг чухалчлаарай.

  • Төрөлттэй холбоотой эхийн биед гарч буй өөрчлөлт нь 45 хоногийн дараа эргэж хэвийн байдалдаа орж эхэлдэг. Энэ үеийн төрсний дараах үе гэнэ. 
  • Төрсний дараа эх аль болох унтаж амрах хэрэгтэй. Мөн төрсний дараах өвдөлт буюу савны агшилт зогсолтгүй үргэлжилнэ. 
  • Төрсний дараах савны өвдөлт нь өмнөх өвдөлтүүдийг бодвол илүү хүчтэй, өвдөлт ихтэй байдаг нь сав их хэмжээгээр сунасан байдлаас болоод буцаж хэвийн болж байгаа гэсэн үг юм. Энэ нь хөхүүл эхэд илүү мэдрэгдэж, 3-4 хоногийн дараагаас алгуурхнаар арилдаг. 
  • Шавхарга: Төрсний дараа эхний 6 долоо хоногийн турш доошоо шавхарга гарна. Энэ нь эхний 3 өдөр тод хар өнгөтэй цусархаг зүйл байснаа дараа ягаавтар эцэстээ өнгөгүй болно. Иймээс энэ үед ариун цэврийн хэрэглэл тогтмол хэрэглэх, ариун цэврийг сайн сахих хэрэгтэй.

Ингээд гайхалтай аялал тань дуусаж бяцхан сахиусан тэнгэртэйгээ уулзсан танай гэр бүлд баяр хүргэе. Одоо танд гайхалтай сурган хүмүүжүүлэгч, ээж, найз, болох аян зам тань эхэлж байна. Дөнгөж төрсөн нялх хүүхэд гэдэг маш эмзэг, дархлаа сул байдаг тул, хүүхдийнхээ эрүүл мэндэд маш сайн анхаарал тавьж байх нь эцэг эх бидний үүрэг юм шүү. Үүнтэй холбоотой хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний гарын авлагыг татаж авахыг бид танд санал болгож байна. 

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ