<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үсээ анх удаа будах гэж байгаа бол үүнд анхаараарай

Огноо: 2017-08-21

“Үс сайхан бол зүс сайхан” гэдэгтэй та санал нийлэх үү? Хүмүүсийн хувьд зөв төрхтэй, сэргэлэн цовоо харагдах хамгийн чухал зүйлсийн нэг нь үс байдаг. Дэлхий дээр өтгөн, шингэн, хөвсгөр, буржгар гээд янз бүрийн үстэй хүмүүс байдаг. Хүүхэд, хөгшид, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд дундаас үсэндээ хамгийн их анхаарал тавьдаг хүмүүс бол эмэгтэйчүүд бөгөөд үсээ арчлахаас гадна, өөрт таалагдсан хэлбэр дүрс, өнгөнд оруулах нь эмэгтэйчүүдийн дуртай зүйлсийн нэг гэж хэлж болно.

Үсээ будуулахҮсний өнгө болон засалт нь тухайн хүндээ яг таарсан байхад та маш гайхалтай харагддаг. Эмэгтэйчүүд үсээ ургуулж, тайруулж, дуртай өнгөөрөө будуулж өөрт таалагдсан засалтаа хийлгэдэг ба энэ чинээгээрээ маш их арчилгаа шаарддаг билээ. Охид том болох тусам үсээ арчилж, янз бүрээр ороож хэлбэрт оруулахыг хүсдэг. Хүн өөрт тохироогүй үсний засалт болон өнгөтэй байх нь тухайн хүнийг өөртөө итгэлгүй, ядруу харагдуулдаг. Ингээд бид танд үстэй холбоотой дараах мэдээллүүдийг хүргэе.

Та үсээ анх удаа будах гэж байгаа бол дараах зүйлсэд анхаараарай. 

Зөв сонгосон өнгө таны нүүр царай, дүр төрхөд чинь илүү зохино гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таны үүрийг сэргээж, нүдийг тань илүү хурц болгож, гаднах төрхөд тань өнгө үзэмж нэмэх болно. Ийм үр дүнд хүрэхийн тулд танд зөвхөн ямар өнгө илүү сайн тохирохыг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд та өдрийн тод гэрэлд толины өмнө суугаад өөрийгөө сайтар ажигла.

Үснийхээ өнгийг тодорхойлохын тулд эхлээд нүүрний хэлбэрээ сайн анхаараарай. Учир нь цайвар өнгө нүүрийг өргөн харагдуулж, бараан өнгө нүүрний хэлбэрийг нарийн, зууван харагдуулна.

Үсээ анх удаа будуулах гэж байгаа эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө

Эхлээд та нүүрнийхээ өнгийг анхаар.

  • Нүүрний өнгө нь ягаавтар, улаандуу өнгөтэй эмэгтэйд дундын өнгө зохино. Ийм царайтай эмэгтэйд улаан шар өнгө огт зохихгүй. Учир нь улаан шар өнгө нь улаан болон шар өнгийг агуулдаг.
  • Хэрэв эмэгтэй та цайвар өнгийн нүүртэй бол танд бараг бүх төрлийн өнгө зохино. Иймээс та өөрийн сонголтдоо нийцүүлэх хэрэгтэй.
  • Шаравтар буюу лааны тосон өнгийн нүүртэй бол та үсээ бараан өнгөөр будвал зохино. Мөн сонгомол элгэн хүрэн өнгө танд бас зохино. Ийм өнгө нь нүүрний шаравтар өнгийг дарж, цайруулж өгдөг.

Үсээ будахад анхаарах зүйлс:

Мэдээж хэрэг хэрэв та өөрөө үсээ будвал мэргэжлийн хүн шиг будаж чадахгүй. Гэхдээ зарим үед өөрөө будахаас өөр өргө байдаггүй шүү дээ. Ийм тохиолдолд та юуг анхаарах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

  • Та үсний будаг авч, өнгө сонгохдоо хэсэг үсэнд түрхсэн будгийн өнгийг анхаар. Будагны хайрцаг дээрх өнгө зарим тохиолдолд таардаггүй гэдгийг сана. Тэгээд ч үсний өнгөө хүссэн өнгөнөөс бараан болгохоос урьдчилан сэргийлж арай гэрэлтэй өнгийг сонго.
  • Нэг хайрцаг будаг дунд зэргийн урттай үсэнд хүрэлцэхээр тооцоолсон байдаг. Хэрэв та урт үстэй бол хоёр хайрцаг будаг авсан нь дээр.
  • Будгийг хэрхэн хэрэглэх зааврыг бүрэн уншиж,үг бүрчлэн ойлгосныхоо дараа үсээ будаж эхэлнэ. Ямар нэгэн зүйл ойлгогдохгүй байвал хүнээс асууж болно.
  • Гарынхаа арьсыг будаг болгохгүйн тулд заавал зориулалтын бээлий өмсөөрэй. Мөн будаг нүүрний арьсанд хүрэхээс болгоомжлох үүднээс дух болон хоёр чихний орчим арьсанд вазелин эсвэл нэлээд өтгөн тос түрхээрэй.
  • Будагны бүх хольцыг хольж хутгасны дараа үсээ будах хэрэгтэй. Сайн хольж хутгаагүй будаг үсэнд өнгө оруулдаггүй тал бий.
  • Хэрэв та үснийхээ өнгийг анх удаа сольж будаж байгаа бол юуны өмнө үснийхээ уганд будаг түрхэнэ. Дараа нь үзүүр хэсгийг будна. Будахдаа ар дагзнаас эхлэнэ.
  • Урт үс богино үсийг бодвол амархан будаг авдаг. Мөн будахад ч амар байдаг.
  • Хэрэв та хэзээ нэгэн цагт үснийхээ өнгийг үндсэн өнгөнд буцааж оруулах болвол эхлээд та үсээ бага зэрэг ургуулах хэрэгтэй. Ингээд угнаасаа ургасан үснийхээ өнгө нь ямар байхыг ажиглаж байгаад будах өнгө, будах эсэхээ тохируулдаг байна.

Үүний дараа таны үсэнд арчилгаа хэрэгтэй

  • Үсээ будсанаас хойш эхний хоёр долоо хоногт үсээ нарны хурц туяанаас аль болох хамгаалах хэрэгтэй. Мөн аль болох үсээ далайн болон хлорлог усаар угаахгүй байх нь зүйтэй шүү. Учир нь дөнгөж будсан үс давслаг орчинд нэлээд эмзэг байдаг.
  • Үсээ угаахын тулд болж өгвөл будагтай үсэнд зориулсан шампунь хэрэглэх нь зүгээр. Ийм шампунь нь үсний гэмтсэн хэсгийг сэргээж, будгийг удаан байлгадаг. Үсэндээ тэжээлийн тос түрхэж бай. Үсээ угаасны дараа мушгиж болохгүй. Мөн нойтон дээр нь самнаж болохгүй. Үсээ хатаахдаа хуурай алчуураар арчиж, усыг нь авах маягаар хатаана.
  • Үсээ хатаахдаа ердийн арга хэрэглэвэл зүгээр, харин үс хатаагч хэрэглэх болбол хүйтэн агаараар үлээлгэх хэрэгтэй. Хэрэв танд халуун агаараар маш богино хугацаанд хатаах хэрэг гарвал үсэндээ хамгаалах хэрэгсэл түрхэнэ.

Бидний бэлдсэн мэдээллийг цаг заваа гарган уншсанд баярлалаа. Эрүүл сайхан үстэй болоход тань, таны үсэнд таарсан чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь мөн адил чухал зүйлсийн нэг юм шүү. Зөв сайхан дүр, төрхтэй, гялалзсан эрүүл, сайхан өнгөтэй үстэй болоход тань амжилт хүсье.wellaton үс арчилгаа

 

Сэдэв: Үс арчилгаа

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ