<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Будагтай гэмтэлтэй үсний арчилгаа

Огноо: 2018-07-01

Гэмтэлтэй үсний арчилгаа

Сайхан харагдах нууц үсэнд байдаг. Тиймдээ ч үс сайхан бол зүс сайхан гэдэг үг байдаг бизээ. Гэхдээ гоо сайхан байна гэдэг амаргүй үсэндээ сэнс, индүү хэрэглэхээс гадна хими, будаг гээд өөртөө багагүй хор хохирол урчуулдаг. Үүний үр дүнд үс салаалж, хатуурч, гэмтдэг. Иймээс гэмтэлтэй үсэнд энгийн эрүүл үснээс илүү арчилгаа шаардагдах нь мэдээж. Тэгвэл үсээ хэрхэн урьдын адил эрүүл, зөөлөн, намирсан болгох вэ? Дараах зөвлөгөөг амьдралынхаа нэгэн хэвшил болгоорой. 

Үснийхээ үзүүрээс тогтмол тайралт хийлгэх

Үснийхээ үзүүрээс тогтмол тайралт хийлгэх

Үсээ ургуулахын тулд ерөөсөө хайч хүргэхгүй байх ёстой юм шиг санадаг. Гэхдээ үсээ дор хаяж 2 сар тутамд үсний үзүүрийн салаалж, гэмтсэн хэсгийг тайруулж байх хэрэгтэй. Эс бөгөөд өвчилсөн үс улам нэгээс нөгөөд нөлөөлж үсийг тань улам өвчлүүлдэг. Энэ нь таны урт сайхан үстэй болох мөрөөдлийг тань үгүй хийх болно. Тайраад байвал яаж ургах юм бэ? гэж бодож байна уу? Харин ч үс эрүүл болох тусмаа ургалт нь улам түргэсдэг юм шүү.

Үсэндээ 7 хоногт дор хаяж 1 удаа тэжээл өгөх

Үсэндээ 7 хоногт дор хаяж 1 удаа тэжээл өгөх

Бид арьсаа өдөр бүр тордож нар салхинаас хамгаалдаг. Харин үсээ тэр бүр анзаараад байдаггүй мэт. Тэжээл, маск тавьдаг ч байнгын хэвшил болгож чаддаггүй. Харин одооноос эхлээд үүнийг өглөө бүр шүдээ угаадаг шигээ байнгын дадал болгон өөрт тохирсон таалагдсан үсний маскаа 7 хоногт дор хаяж нэг тавьж заншаарай. Мөн гэрийн нөхцөлд ч үсэнд хэрэгтэй тэжээллэг макс хийх ч боломж бий. 1 ширхэг өндгөн дээр цайны халбага оливийн тос, цайны халбага цэвэр зөгийн балыг хийж, сайтар холиод үсэндээ түрхэж 30 мин байлгаад хүйтэн бүлээн усаар үсээ зайлна. 

ХОЛБООТОЙ: Монголын хуурай цаг агаарт үсээ хэрхэн эрүүл байлгах вэ?

Мөн наргил модны самрын тос нь зөвхөн гэмтэлтэй үс ч биш бүх төрлийн үсэнд маш сайн тэжээлийн маск болж өгдөг. Үсэндээ жигд түрхэн гадуур нь уут углан 40-60 минут орчим байлгасны дараа усаар зайлаарай. 

Зөв үсний сам сонгох

Зөв үсний сам сонгох

Сам бүр адилхан гэж бид боддог ч яг үнэндээ маш их ялгаатай ажээ. Самны гол үүрэг нь үс хоорондын орооцолдоог гаргах хэдий ч самны үсний ширхэг ямар байхаас шалтгаалж үсэнд массаж болох эсвэл гэмтээх гэсэн 2 зүйл болдог аж. Нарийн үсэн ширхэгтэй сам нь үсэнд хамгийн аюул багатай байдаг төдийгүй илүү гялалзсан зөөлөн болгож өгдөг. Бүдүүн хатуу ширхэгтэй сам нь үсийг гэмтээх эрсдэл хамгийн өндөр бөгөөд ийм төрлийн самнаас аль болох татгалзахыг зөвлөж байна. Мөн үсээ чийгтэй, нойтон үед аль болох самнах хэрэггүй. 

Үсээ зөв угаах

үсээ зөв угаах

Үсээ угаахдаа зөвхөн шампуниар тослог, хирийг нь арилгаад л болчихдог уу? Тэгвэл та үсээ буруу угаадаг гэж ойлгож болно. Учир нь шампунь үсэнд байгаа бохирдлыг арилгахын хажуугаар хуйх болон үсийг тэжээлгүй болгох талтай.  Иймд та ангижруулагчийг ашиглан, үсэндээ тэжээл өгч, чийгшүүлэх хэрэгтэй. Энэ нь үсийг чийгшүүлэхээс гадна гялалзсан гоёмсог болгодог бөгөөд хугаралтаас сэргийлдэг байна. Шампунь нь хуйханд , харин ангижруулагч нь үсэнд зориулагдсан байдаг бөгөөд та үүнийг үснийхээ үзүүр хэсгээс эхлэн дээш түрхэж, хуйхандаа хүргэхгүй байх тал дээр анхаараарай. Мөн үсний серумийг хэрэглэж занших нь нарны хэт ягаан туяанаас үсийг хамгаалж шаардлагатай тэжээлийг өгч байдаг.

Үсээ байнга угаах нь будагтай үсний өнгийг алдагдуулдаг гэж ярьдаг ч гол нь үсний будгаа сонгохдоо эхлээд анхаарах хэрэгтэй байдаг. Ямар өнгөөр будах болон хэр хугацаанд үснийхээ өнгийг хадгалахыг хүсч байгаагаас шалтгаалан үсний будгийг төрлүүд танд янз бүрийн үр дүнг бий болгох болно. 

Permanent үсний будаг: Хэрвээ та үсэндээ эрс өөрчлөлтийг хийж илүү гэгээлэг эсвэл илүү бараан өнгөтэй болохыг хүсч байвал Permanent төрлийн үсний будаг мэргэн сонголт байх болно. Гэхдээ энэ төрлийн будаг нь үсний байгалийн пигментийг өөрчилдөг ба Semi-Permanent үсний будгийг бодвол маш удаан тогтдог. 

Semi-Permanent үсний будаг: Таны байгалийн төрөлх өнгийг сэргээх, бага зэргийн цайвар эсвэл бараан өнгө руу өөрчлөлт хийхийг хүсч байвал Semi-Permanent үсний будаг илүү тохиромжтой. Үүний бас нэг давуу тал нь таны үсний байгалийн пигментэд өөрчлөлт оруулдаггүйгээс гадна гялалзсан болгож өгдөг.

Demi-Permanent үсний будаг: Хэрвээ та үсээ анх удаа будах гэж байгаа бол энэ төрлийн будаг илүү тохиромжтой. Учир нь таны үсний байгалийн өнгийг улам баяжуулж өгдөг. Өнгөний сонголтын хувьд хүмүүсийн нийтлэг үсний өнгөтэй байдаг ба 28 удаагийн угаалт хүртэл өнгөө хадгална. 

Үсээ аль болох сэнсээр хатаахгүй байх

Үсээ аль болох сэнсээр хатаахгүй байх

Байнга үсний сэнс хэрэглээд заншчихсан бол үүнийгээ аль болох өөрчлөхийг зөвлөж байна. Учир нь сэнс нь гэмтэлтэй үсийг улам ширүүн хатуу, хугарамтхай болгодог. Иймээс аль болох алчуураад зөөлөн дарж усыг нь авч өөрөөр нь хатаах хэрэгтэй. Хэрвээ та сэнс байнга хэрэглэх шаардлагатай байгаа бол хүйтэн агаараар үлээлгэх нь хор хөнөөл багатай.

ХОЛБООТОЙ: Үсний бэхжүүлэгч лак, хөөсийг ямар үед ашиглах вэ? 

wellaton үс арчилгаа

Сэдэв: Үс арчилгаа

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ